БРЕЖНЕВИЙН ХИАМНААС УЧРАЛЫН НӨӨЦИЙН МАХ ХҮРТЭЛ

-Монголд төрийн нэр өөрчлөгдсөн ч сэтгэлгээ нь өөрчлөгдсөнгүй -
Бидний Монголд хүнсний хомсдолыг төр нь бий болгоод, дараа нь нөөцийн махаар аврагч болж жүжиглэдэг. Шатахууны нийлүүлэлтийг найдвартай болгож чадахгүй байж колонк дээрх дарааллыг зохицуулах штаб, апп хийдэг нь мангуу төртэй. Иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөх ёстой төр өөрөө амьдралынх нь хамгийн том саад болчихсон санагдахгүй байна уу?
Брежневийн ЗХУ-д хүмүүс хиам, цөцгий авахын тулд үүр цайхаас өмнө дэлгүүрийн үүдэнд дугаарладаг байлаа. Мөнгө байвч бараа олдохгүй. Дэлгүүрт бараа ирлээ гэхэд хэнд, хэдийг өгөхийг төр шийднэ. Хүн юу худалдаж авахыг хүсэж байгаагаас илүү төр юу нийлүүлэхээр төлөвлөснөөс иргэдийн амьдрал хамаардаг байв. Монголд ч энэ жижиг ангилсан махаар хэрэгжсэн юм. Ямааны 3 гэж ямар хөгийн мах байсныг, түүгээр дийлэнх олонх нь гол зогоодог явдлыг дундаас дээш насныхан одоо хэр нь мартаагүй.
Тэр цаг үеийг социалист эдийн засгийн бүтэлгүйтлийн бэлгэ тэмдэг болгон түүхэнд үлдээжээ.
Түүнээс хойш хагас зуун жил өнгөрч, Зөвлөлт холбоот улс задарч, Берлиний хана нурж, социалист эдийн засгийн тогтолцоо түүхийн хогийн саванд үлдсэн. Монгол Улс ч ардчилал, хувийн өмч, зах зээлийг /Чөлөөт биш шүү, хэлбэр төдий зах зээл/ Үндсэн хуулиараа тунхагласан.
Гэтэл өнөөдөр бид юу харж байна вэ?
Хавар болохоор нийслэлчүүд нь хямд махны төлөө хуучнаа санагалзан дугаарлана. Шатахуун тасалдахаар автомашинууд колонкын үүдэнд түгжрэл үүсгэнэ. Иргэд хэдэн цагаар, заримдаа хоногоор зогсож, ажил амьдралаа хойш тавина. Төр нь үүнийгээ шийдэхийн оронд шуурхай штаб байгуулж, нөөцийн мах гаргаж, үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлана.
Нэгэн цагт хиамны дараалалд зогсож байсан Зөвлөлтийн иргэдийн дүр зураг өнөөдөр Монголд мах, бензиний нэрээр дахин амилжээ.
Хамгийн эмгэнэлтэй нь бид үүнийг хөгжлийн бодлогын тухай ярианы хажуугаар энгийн үзэгдэл мэт хүлээн авч сурч байна.
Брежневийн үед хиам авахын тулд төрийн төлөвлөгөөг хүлээдэг байв. Өнөөдөр 5 мянган тонн мах хүнсний захаас хайгаад одоо хэр нь олоогүй Н.Учралын нөөцийн махыг авахын тулд төрийн хөтөлбөрийг хүлээдэг болжээ.
Төр солигдсон, сайд солигдсон, нэр томьёо солигдсон. Харин иргэдийн дугаарлах хувь тавилан өөрчлөгдсөнгүй. Тун чиг тоогүй еэ?
ТӨР ХҮНИЙ ӨМНӨӨС МЭДДЭГ ГЭЖ ҮҮ?
Монголын төрийн хамгийн том төөрөгдөл бол иргэдийн амьдралыг өөрөөс нь илүү мэддэг гэж боддогт оршино.
Юуг хэдээр худалдах, хэнээс авах, хэнд өгөх, хэдийг үйлдвэрлэх, хэдийг нөөцлөх, ямар үнээр борлуулах гээд амьдралын бараг бүх асуудалд төр оролцох дуртай. Удахгүй эхнэр авах, хэдэн хүүхэд гаргах, аав нь архи уух эсэх, эхнэр нь жирэмснээс хамгаалах ерөндөг хэрэглэх эсэхийг шийдэхэд ойрхон байна. Төрийн байгууллага бүр өөрийнхөө зохицуулах ёстой нэг салбарыг олж харна. Гэтэл тэр олон зохицуулалтын эцэст иргэн хүссэн бараагаа хүссэн үедээ авч чадахгүй сууна.
1945 онд Австрийн эдийн засагч Фридрих Хайек өгүүлэлдээ эдийн засгийн мэдлэг нэг хүний, нэг байгууллагын гарт төвлөрдөггүйг тайлбарласан байдаг.
Түүний гол санаа нь нийгэмд хэрэгтэй мэдлэг сая сая хүний өдөр тутмын амьдрал, туршлага, хэрэгцээ, сонголтод тархсан байдаг. Түүнийг нэг төвөөс бүрэн цуглуулж, нэг төлөвлөгөөгөөр удирдах боломжгүй.
Үүнийг илүү ойлгомжтой монголчлоод үзье.
Малчин хэрхэн өвөлжихөө, бэлчээрийнхээ даацыг, малаа хэзээ борлуулахыг өөрөө мэднэ. Махны ченж аль аймагт хэдий хэмжээний мах байгааг, хаана эрэлт их байгааг зах зээлээс мэдэрнэ. Худалдаачин хэрэглэгч ямар мах авахыг хүсэж байгааг өдөр бүрийн борлуулалтаараа мэднэ. Харин хэрэглэгч өөрийн халаасанд хэдэн төгрөг байгаагаа, ямар үнээр юу худалдаж авч чадахаа өөрөө хамгийн сайн мэднэ.
Энэ бүх мэдлэгийг нэг яам, нэг сайд, нэг Засгийн газар яаж бүрэн мэдэх юм бэ? Боломжтой гэж та бодож байна уу?
Төрийн албан тушаалтан ширээний ард сууж байгаад хэдэн тонн мах нөөцлөхийг шийдэж болно. Гэхдээ тэр махыг хэзээ, хаанаас, ямар зардлаар, ямар чанартайгаар бэлтгэхийг зах зээлийн бүх оролцогч шиг мэдэх боломжгүй.
Хайекийн хэлсэн санаа энд оршиж байгаа юм. Төрийн төлөвлөгөө хүний амьдралыг орлож чадахгүй.
Малчны хотонд очоогүй хүн малаа хэдээр зарахыг нь заахтай адил, зах зээлийн амьдралд оролцдоггүй сайдтан захын лангууны авгайд ямар үнээр худалдахыг нь заах нь эрсдэлтэй.
Төрийн ажил бол малчны өмнөөс мал маллах, худалдаачны өмнөөс наймаа хийх, хэрэглэгчийн өмнөөс сонголт хийх биш. Тэдний хооронд шударга, чөлөөтэй худалдаа явагдах хууль ёсны орчныг хамгаалах явдал.
60 САЯ МАЛТАЙ МОНГОЛ ЯАГААД МАХНЫ ДАРААЛАЛД ЗОГСОХ ЁСТОЙ ВЭ?
Монгол хүн малдаа хайртай гэж жигтэйхэн. Малчин хүн малаа өсгөн хөдөлмөрлөнө. Малчин махаа борлуулах гэхээр олон шат дамжлага, тээвэр, татвар, хяналт, зөвшөөрөлтэй тулгарна. Үүнийг малчны өмнөөс ченж хийнэ. Зах зээлийн гольдролоороо ийнхүү явсан махны нийлүүлэлтийн дундуур төр орж ирмэгц үнэ өснө. Хэрэглэгч нь дэлгүүрт очоод махны үнэд цочирдоно. Тэгээд төр гарч ирж нөөцийн мах танил талаараа бэлтгүүлэн тараана.
Энэ бол зах зээлийн асуудлыг зах зээлийн гаднаас шийдэх гэж оролдсон төрийн уламжлалт арга.
2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд 5,017 тонн мах нөөцөлсөн тухай мэдээлэл гарсан. Төрийн албаныхан ч хүн амын тооцоолсон хэрэгцээнд хүрэлцэхүйц хэмжээний мах нөөцөлж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн. Монголд мал дутаад байна уу эсвэл мал, мах, хэрэглэгч хоёрыг холбох тогтолцоо нь доголдоод байна уу?
Махны үнэ өсөхөд төр ченжийг буруутгана. Ченжийг шахна. Хөнгөлөлттэй зээл өгнө. Нөөцийн мах гаргана. Үнэ тогтооно. Гэвч махны үнэ гэдэг зөвхөн малчны хотонд байгаа малын тоогоор шийдэгдэхгүй. Тээвэр, нядалгаа, хөргөлт, хадгалалт, түлш, хөдөлмөр, санхүүжилт, улирлын эрэлт гээд бүх зардал шингэдэг. Энэ бүх эрсдэлийг ченж ганцаараа үүрснээр зах зээлийн бодит үнэ тогтдог. Гэтэл төр гарч ирээд махны үнийг хүчээр доош барьж болно. Гэхдээ малчны зардлыг хүчээр бууруулж чадахгүй. Тээврийн зардлыг тогтоолоор арилгаж чадахгүй. Хөргөлтийн агуулахыг уриагаар барьж чадахгүй.
Тэгээд ч хямд үнэ гэдэг дангаараа хямд амьдрал гэсэн үг биш.
Хэрэв төрийн тогтоосон үнээр мах худалдаж авах боломжгүй болчихвол тэр үнэ цаасан дээр л үлдэнэ. Иргэн мөнгөтэй ч махгүй, харин төр хямд үнээр мах борлуулж байгаа тухай тайлантай үлдэнэ.
Эдийн засагч Людвиг фон Мизес 1920 онд хэвлүүлсэн “Социалист хамтын нөхөрлөлийн эдийн засгийн тооцоолол” бүтээлдээ хувийн өмч, зах зээлийн үнэ, эдийн засгийн тооцоололгүйгээр нөөцийг үр ашигтай хуваарилах боломжгүйг тайлбарласан.
Түүний шүүмжлэлийн гол санаа нь үйлдвэрлэлийн хэрэгслийн бодит үнэ, ашиг, алдагдлын мэдээлэлгүйгээр аль нөөцийг хаана, ямар зориулалтаар ашиглах нь оновчтойг мэдэхэд бэрхийг онцолжээ. Монголын нөөцийн махны бодлого үүнийг сануулж байна.
Төр хэдэн тонн мах нөөцөлснөө тайлагнаж болно. Гэхдээ тэр махыг бэлтгэхэд зарцуулсан татвар төлөгчдийн мөнгө, хадгалалтын зардал, чанарын алдагдал, борлогдоогүй үлдэгдэл, зах зээлд үүсгэсэн гажуудлыг хэн тооцож байна вэ?
Хямд мах авсан нэг иргэн баярлаж болох ч тэр махны үнийн зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр нөхсөн бол бусад иргэн ч мөн адил төлсөн гэсэн үг.
Төрийн мөнгө гэж тусдаа мөнгө байдаггүй. Төрийн зарцуулсан төгрөг бүр хэн нэгний хөдөлмөрөөр бий болсон, хэн нэгний халааснаас татвар эсвэл торгууль хэлбэрээр гарсан мөнгө.
Нөөцийн махны жинхэнэ өртгийг зөвхөн шошгон дээрх үнээр хэмжиж болохгүй.
Үргэлжлэл бий...
11-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






