|
--°C
| |
logo

ЧТО ДЕЛАТЬ: ЯАХ ВЭ?

-Хулгайчийг хулгайчаар нь бариулах уу, эсвэл хулгай хийх боломж олгодог тогтолцоогоо өөрчлөх үү?-

 

Ерөнхийлөгч огцрохоор боллоо. Х.Нямбаатар шуудхан огцрохыг уриалж, дараагийн Ерөнхийлөгч сонгогдсон өдөр эх орондоо буцаж ирнэ гэдгээ мэдэгдэв. Ардчилсан нам ч төрийн тэргүүнээс эхлээд авлигын хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудыг ажлаа өгч шалгуулахыг шаардаж, биелүүлэхгүй бол огцруулах асуудал тавина гэдгээ зарлалаа.

Төрийн ордонд хэн нь хулгайч вэ, хэн нь хэнийг шалгуулах ёстой вэ гэсэн улс төрийн том тулаан өрнөж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь улс төрийн тоглолт хийж байгааг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой ч тэд ч бас хоёр нүүртэй, дээрээс тушаалтай.

Бид үнэхээр авлига, хулгайтай тэмцэж байна уу эсвэл төрийн эрх мэдлийг хэн атгах вэ гэдэг тулааныг үзэж байна уу?

Лениний “Что делать?” буюу “Яах вэ?” гэдэг асуулт өнөөдрийн Монголын улс төрд ч яг тохирох шиг. Гэхдээ манай улстөрчдийн хувьд энэ асуултын хариулт “Улс орноо яаж өөрчлөх вэ?” биш “Төрийн эрх мэдлийг яаж авах вэ?” гэдэгт л төвлөрөөд удсан. Тэгэх ч ёстой. Тэгвэл хэн Ерөнхийлөгч болох вэ гэдгээс илүүтэй хэн Ерөнхийлөгч болсон ч хууль зөрчиж чадахгүй байх тогтолцоог яаж бий болгох вэ гэж одоо асуумаар байна.

 

ТӨРИЙН ОРДОНД ХЭН НЬ ХУЛГАЙЧ ВЭ ГЭЖ МАРГАЖ БАЙХАД БИД ХЭНД НЬ ИТГЭХ ВЭ?

 

Монголын улс төрд сүүлийн өдрүүдэд нэг нь нөгөөгөө авлигач гэж буруутгаж, нөгөө нь түүнийг хулгайч хэмээн зарлах болов. Ерөнхийлөгчийн хөрөнгө сөхөгдөж, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн асуудал дахин яригдаж, 110 сая ам.долларын авлигын дуулиан дэлбэрлээ. Сөрөг хүчин нь төрийн тэргүүнээс эхлээд холбогдсон албан тушаалтнуудыг ажлаа өгч шалгуулахыг шаардаж байна.

Энэ бол зүгээр нэг улс төрийн хэрүүл биш. Монголын төрд эрх мэдэл, мөнгө, хариуцлага гурав хэрхэн сүлэлдсэний илрэл юм.

Харин энэ бүхний дунд иргэдийн амьдралыг сайжруулах бодлогын тухай яриа алга. Төрийн эрх мэдлийг хэн атгах, хэн хэнийхээ эсрэг ямар баримт дэлгэх тухай тэмцэл л өрнөж байна.

 

110 САЯ АМ.ДОЛЛАР: ХЭН НЬ ҮНЭН ЯРЬЖ БАЙНА ВЭ?

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 110 сая ам.долларын асуудал сүүлийн өдрүүдэд улс төрийн томоохон дуулиан болов.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар АТГ-т хандаж, Б.Энхбаяртай холбоотой авлигын шинжтэй мэдээлэл өгсөн. Улмаар арваннэгдүгээр сарын 14-нд Х.Нямбаатар шууд дамжуулалт хийж, “Бодь Интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундрагийн мэдүүлэгт тулгуурласан гэх мэдээллүүдийг дэлгэлээ.

Түүний ярьснаар, төмөр замын төсөлтэй холбоотой 110 сая ам.доллараас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар дамжуулан намын сонгуулийн үйл ажиллагаанд 22 сая, бусад нэр бүхий хүмүүст 10-15 сая ам.доллар хүртэлх мөнгө өгсөн гэх ноцтой мэдээлэл гарсан юм.

Хэрэв үнэн бол энэ нь Монголын улс төрийн санхүүжилт, төрийн өмчит компанийн мөнгө, томоохон бүтээн байгуулалтын гэрээ хоорондоо хэрхэн холбогдсоныг илчлэх хэмжээний асуудал.

Гэхдээ Х.Нямбаатарын дэлгэсэн мэдээлэл, А.Амундрагийн ярьсан гэх мэдүүлэг нь шүүхээр тогтоогдсон гэмт хэрэг биш.

АТГ-ын арваннэгдүгээр сарын 9-ний мэдээллээр “Бодь Интернэшнл”-ийн 2020-2025 оны санхүүгийн тайланг олон улсын аудитын хоёр байгууллагаар шалгуулсан бөгөөд 110 сая ам.долларыг бэлнээр гаргаж зарцуулсан баримт тогтоогдоогүй гэж мэдэгдсэн. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжсэн гүйлгээ бүртгэгдсэн бөгөөд энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Энд хоёр зүйлийг ялгах хэрэгтэй. 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжсэн нь бүртгэгдсэн баримт. Харин 110 сая ам.долларыг бэлнээр гаргаж, улс төрчдөд тараасан гэх нь одоогоор нотлогдоогүй мэдээлэл. АТГ-ын мэдэгдэл ч асуудлыг эцэслэн хаасан гэсэн үг биш.

Тэгвэл 286 тэрбум төгрөг хаашаа орсон бэ? Хэнд, ямар гэрээний үндсэн дээр шилжсэн бэ? Оффтейк гэрээний эдийн засгийн үр өгөөж хэнд очсон бэ? Мөнгөний эцсийн зарцуулалт ямар байсан бэ?

Эдгээр асуултад баримттай хариулах ёстой. Нэр нь дурдагдсан Ерөнхийлөгч, намын генсек, сайд нар ч “Би аваагүй” гэж хэлэхээс илүүтэй шалгуулахад бэлэн гэдгээ харуулах хэрэгтэй.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ: ХУУЛЬ ЁСНЫ ГЭДЭГ НЬ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХТЭЙ ИЖИЛ ҮҮ?

 

110 сая ам.долларын дуулианаас өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлоготой холбоотой маргаан эхэлсэн байлаа.

Х.Нямбаатар Ерөнхийлөгчтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө, гадаад дахь хөрөнгө, хувийн нисдэг тэрэгний асуудлыг сөхсөн. ЕТГ-ын зүгээс зарим мэдээллийг няцааж, Бага тэнгэр орчимд Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаас 1.2 тэрбум орчим төгрөг шилжүүлж, амины орон сууц захиалсан гэж тайлбарласан.

АТГ-ын арваннэгдүгээр сарын 9-ний мэдээллээр Ерөнхийлөгчийн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэж мэдэгдсэн.

Энэ бол төрийн байгууллагын албан ёсны дүгнэлт. Үүнийг дур мэдэн үгүйсгэх үндэслэлгүй. Гэхдээ хууль ёсны дүгнэлт гарсан гэдэг нь олон нийтийн бүх асуултад хариулт өгсөн гэсэн үг биш.

Төрийн тэргүүн бол жирийн нэг иргэнээс илүү өндөр ил тод байдал, ёс зүйн хариуцлага хүлээх албан тушаал. Үндэслэлтэй асуулт гарвал дэлгэрэнгүй тайлбарлах нь түүний үүрэг.

Мөн Ерөнхийлөгчийг шүүмжилсэн сэтгүүлч, бусад хүмүүсийг шалгаж, цагдан хорьсон үйл явдал хэвлэлийн эрх чөлөөний тухай тусдаа ноцтой асуудал дагуулсан.

Ерөнхийлөгчийг шүүмжилсэн хүн хууль зөрчсөн бол шалгах ёстой. Гэхдээ төрийн тэргүүнийг шүүмжилсний төлөө шалгаж байгаа мэт ойлголт нийгэмд төрөхөөс төр өөрөө сэргийлэх үүрэгтэй.

Төрийн тэргүүн байх нь асуултаас чөлөөлөгдөх эрх биш. Харин ч бусдаас илүү хариуцлагатай хариулах үүрэгтэй.

 

Х.НЯМБААТАР: ИЛЧЛЭГЧ ҮҮ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАГЧ УУ?

 

Энэ дуулианы гол дүрүүдийн нэг бол Х.Нямбаатар. Тэрээр өөрөө Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан. АТГ-ын мэдээлснээр хуульд заасан шаардлага хангаагүй, баталгаа гаргах эрхгүй этгээдэд санхүүжилтийн гүйлгээ хийх эрх шилжүүлж, 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээсэн нь бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа. Түүнийг Интерполоор байршлыг нь тогтоолгох хүсэлт хүргүүлсэн тухай ч мэдээлсэн.

Гэтэл өөрт нь хэрэг үүсгэсэн улс төрийн хүчний дээд түвшний хүмүүсийн тухай тэрбээр ноцтой мэдээлэл дэлгэж эхэллээ.

Энд хоёр хувилбар байна. Х.Нямбаатар өөрт нь холбогдсон хэргийн цаана улс төрийн захиалга байгаа гэж үзээд эрх баригчдын дотоод авлигыг илчилж байж болно. Эсвэл өөрийнх нь асуудлаас олон нийтийн анхаарлыг холдуулах, өрсөлдөгчдөө улс төрийн дарамтад оруулах зорилготой байж болно. Аль нь үнэн болохыг бид таамгаар шийдэх ёсгүй.

Буруугүй гэж хэлэх нэг хэрэг. Х.Нямбаатар өөрөө шалгуулах ёстой. Түүний дэлгэсэн мэдээлэл ч мөн адил шалгагдах ёстой.

Хэрэв А.Амундра үнэхээр ийм хэмжээний авлигын талаар мэдүүлэг өгсөн бол түүнийг хамгаалж, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Гэрчийг хамгаалахгүй, мэдүүлгийг нь шалгахгүйгээр улстөрчдийн лайв, хэвлэлийн мэдэгдлээр энэ асуудал шийдэгдэхгүй. Өөрөө шалгуулж байгаа хүн бусдыг буруутгаж болно. Харин бусдыг буруутгалаа гээд тэр нь үнэн байх баталгаагүй.

 

МАН: ТӨРИЙН НАМ УУ, НАМЫН ТӨР ҮҮ?

 

МАН-ын сүүлийн үеийн үйл явдлууд нэг намын доторх улс төрийн хагарлыг ил гаргалаа.

Нийслэлийн МАН-ын Бага хурлаар Х.Нямбаатар цахимаар тайлан тавьж, түүний ажлыг “Хангалттай” гэж үнэлсэн. Т.Даваадалай зэрэг томоохон төслүүдийн хэрэгт нэр холбогдсон хүмүүс намын хуралд оролцож байхад нөгөө талд тансаг хэрэглээ, үнэтэй брэндийн цаг, хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал хэвлэлээр хөндөгдөв.

Төмөртөмөөгийн 26 сая төгрөгийн үнэтэй цагийн тухай шүүмжлэл, түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 78 сая төгрөгийн жилийн орлогын тухай мэдээлэл үүний нэг жишээ.

Үнэтэй цаг зүүх нь гэмт хэрэг биш. Харин төрийн албан тушаалтны хөрөнгийн эх үүсвэр, мэдүүлгийн үнэн зөв байдал бол олон нийтийн хяналтын асуудал.

Мөн Т.Даваадалайд холбогдох 6.6 тэрбум төгрөгийн тендер, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг шүүхэд шилжсэн тухай мэдээлэл бий. Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ. Гэхдээ намын байгууллага эдгээр асуудлыг үл тоомсорлож болохгүй.

МАН арван жил төр барьсан. Тиймээс өнөөдрийн асуудал ганц нэг хүнийх биш, төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж ирсэн тогтолцооны асуудал юм.

Нам төрийг удирдаж болно. Гэхдээ төр намын өмч биш. Төрийн өмчит компанийн мөнгө намын санхүүжилт биш. Төсвийн хөрөнгө улстөрчдийн тохиролцооны хэрэгсэл биш.

Төрийг намын өмч болгосон цагт нийтийн мөнгө хэнийх болох нь тодорхойгүй болж, авлига цэцэглэдэг.

 

АН: СӨРӨГ ХҮЧИН ЭЦСИЙН ЭЦЭСТ СӨРӨГ ХҮЧИН ШИГ ДУУГАРЛАА. ГЭХДЭЭ...

 

Энэ бүхний дунд АН сөрөг хүчний байр сууринаас мэдэгдэл хийлээ.

УИХ дахь бүлгийн дарга Б.Түвшин 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, оффтейк гэрээнүүдийг ил болгох Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргахаа мэдэгдэв. Харин О.Цогтгэрэл төрийн тэргүүнээс эхлээд авлигын асуудалд нэр холбогдсон албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулах ёстой, шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн. Үйл явдал маш хурдтай өрнөж байна.

Энэ бол сөрөг хүчний хийх ёстой ажлын нэг. Нууцалсан гэрээ, төрийн мөнгөний зарцуулалт, авлигын асуудлыг парламентын хяналтаар шалгуулах шаардлага зөв.

Гэхдээ АН өөрөө бас дотоод хямралтай. Онц их хурал хийх эсэх дээрээ нэгдэж чадахгүй, удирдлагын суудал, фракцын зөрчилдөө баригдсаар ирсэн. 42 суудалтай парламентын хамгийн том сөрөг хүчин улс орны бодлогын маргаанаас илүү өөрийнхөө дотоод тэмцэлд цаг зарцуулсан.

Одоо тэдэнд улс төрийн боломж ирж байна. Гэхдээ энэ боломжийг эрх мэдэл авах, Засгийн газарт хамтрах, сонгуулийн өмнөх оноо цуглуулах хэрэгсэл болговол МАН-аас ялгарах зүйлгүй.

АН үнэхээр 110 сая ам.долларын асуудлыг шалгуулахыг хүсэж байгаа бол 42 гишүүнийхээ хүчээр хянан шалгах түр хороо байгуулж, гэрчүүдийг хамгаалж, гэрээнүүдийг ил болгох ёстой.

Зөвхөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай ярих биш, төрийн эрх мэдлийг хязгаарлах бодит механизм санал болгох хэрэгтэй.

Сөрөг хүчний амжилт сайдын суудлаар бус, эрх баригчдад хүлээлгэсэн хариуцлагаар хэмжигдэнэ.

 

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХЭНИЙ ТАЛД ВЭ?

 

Энэ бүхний хамгийн чухал цэг бол АТГ, прокурор, цагдаа, шүүх юм.

Хэрэв 110 сая ам.долларын авлигын хэрэг үнэн бол хэнийг ч хамгаалж болохгүй. Ерөнхийлөгч байсан ч, Ерөнхий сайд байсан ч, намын дарга, сайд байсан ч хуулийн өмнө адилхан байх ёстой.

Харин мэдээлэл худал бол түүнийг тараасан хүмүүс ч хариуцлага хүлээх ёстой.

Хууль хяналтын байгууллага улс төрийн аль нэг талын зэвсэг болж болохгүй. Өнөөдөр нэг хүнийг шалгаж, нөгөөг нь хамгаалаад, маргааш эрх мэдэл солигдоход эсрэгээр ажилладаг тогтолцоо шударга ёс биш.

Эрх мэдэлтэй хүн өөрийнхөө эсрэг шалгалтыг өөрөө удирдаж болохгүй. Төрийн тэргүүний нэр холбогдсон асуудал шалгагдаж байгаа бол шалгалтын хараат бус байдлыг олон нийтэд нотлох ёстой.

Тиймээс дараах асуултад хариу хэрэгтэй.

110 сая ам.долларын асуудлаар яг ямар гүйлгээ, данс, гэрээг шалгаж байна вэ?

286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эцсийн зарцуулалт ямар байна вэ?

А.Амундрагийн мэдүүлэг, өгсөн гэх баримтуудыг албан ёсоор шалгасан уу?

Нэр дурдагдсан бүх албан тушаалтныг ижил нөхцөлөөр шалгаж байгаа юу?

Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил илрээгүй гэх дүгнэлтээс гадна бусад сөхөгдсөн асуудалд ямар шалгалт хийсэн бэ?

Энэ бол хэн нэгнийг урьдчилан буруутгах гэсэн хэрэг биш. Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх эхний алхам.

 

ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ХУЛГАЙЧАА СОЛИХЫГ ХЭЛДЭГГҮЙ

 

Энэ бүх үйл явдлаас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн эрх мэдэл төвлөрөх тусам түүнийг атгах сонирхол нэмэгддэг. Төсвийн мөнгө, төрийн өмчит компани, нууц гэрээ, оффтейк хэлцэл, томоохон тендер улс төрийн эрх мэдэлтэй сүлэлдэх тусам авлига нүүрлэдэг.

Тиймээс төрийг сайн хүн удирдаасай гэж найдах биш. Харин муу хүн удирдсан ч иргэдийн эрх чөлөө, өмч хөрөнгийг хохироож чадахгүй хязгаартай тогтолцоо байгуулах явдал хамгийн чухал.

Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй. Нам сольсноор ч шийдэгдэхгүй. Төрийн эрх мэдлийг хязгаарлаж, төсвийн зарцуулалтыг ил тод болгож, төрийн өмчит компаниудын улс төрийн нөлөөг бууруулж, хувийн өмч, гэрээний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж байж л тогтолцоо өөрчлөгдөнө.

Өнөөдөр МАН-ынхан нэгнээ хулгайч гэж дуудаж байна. АН тэднийг шалгуулахыг шаардаж байна. Х.Нямбаатар эрх баригчдын дотоод асуудлыг дэлгэж байна. Ерөнхийлөгчийн бууж байгаад авлига авсан эсэхээ шалгуулья гэж байна.

Гэхдээ асуух асуулт байна.

Хэрэв 110 сая ам.долларын авлига байсан бол хэн авсан бэ? Байгаагүй бол хэн зохиосон бэ? Аль нь ч байсан яагаад Монголын төр ийм асуултад итгэл төрүүлэхүйц хариулт өгч чадахгүй байна вэ?

Улс төрчид нэг нэгнийхээ эсрэг баримт дэлгэж байгаа энэ үед олон нийт хэний ч  талд орох ёсгүй. Харин үнэний талд байх ёстой.

Төрийн тэргүүнээс эхлээд төрийн албан хаагч хүртэл хуульд захирагдах ёстой. Улс төрийн нам гишүүдээ хамгаалахаас илүү хууль дээдлэх ёсыг хамгаалах ёстой. Хууль хяналтын байгууллага эрх мэдэлтний хүсэлд бус хуульд захирагдах ёстой.

Монголд шинэ дарга биш, даргаас дээгүүр хууль хэрэгтэй. Шинэ нам биш, намын дээр байх зарчим хэрэгтэй.

Хэн нь хулгайч вэ гэж маргалдахын оронд хэн ч хулгай хийж чадахгүй тогтолцоо байгуулах нь хамгийн чухал. Үүнийг л шаардах хэрэгтэй.

Нийтлэгч

Нарантөгс

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...