|
--°C
| |
logo

ЭВ НЭГДЭЛ ГЭДЭГ ШУДАРГА БУСЫН ӨМНӨХ БУУЛТ БИШ!

АН-ын өнөөдрийн нөхцөл байдлыг харахад нэг зүйл тодорхой байна. Намын хямрал зөвхөн даргын асуудал биш. Энэ бол намын дотоод ардчилал, засаглал, дүрмийн хэрэгжилт, гишүүдийн эрх, удирдлагын хариуцлагын асуудал юм.
Намын дотоод сонгуульд шударга, тэгш өрсөлдөх боломж хангагдсан уу? Шийдвэр гаргах үйл явц гишүүддээ нээлттэй байсан уу? Сонгуулийн зөрчил, гомдол маргааныг дүрмийн дагуу шийдвэрлэсэн үү? Удирдлагын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гишүүдийн дуу хоолойг сонссон уу?
Энэ бол хэн нэгний зохиосон улс төрийн дайралт биш. Нам дотроо шударга ёс, тэгш эрх, хариуцлага нэхэж буй гишүүдийн тавих ёстой үндсэн асуултууд.
Харин эдгээр асуултад хариулахын оронд эв нэгдэл ярьж, шүүмжлэгчдээ талцал хуваагдлын буруутан мэт харагдуулах нь асуудлыг шийдэхгүй. Шударга бусын тухай ярьсан хүнийг эв нэгдэл эвдэгч гэж нэрлэдэг тогтолцоо өөрөө хамгийн том асуудал юм.
О.Цогтгэрэл тэргүүтэй өнөөгийн удирдлагаас хамгийн түрүүнд шаардах зүйл бол тайлбар биш, хариуцлага.
Намын дүрэм хүн бүрд адил үйлчлэх ёстой. Даргад нэг, жирийн гишүүнд өөр стандарт байж болохгүй. Сонгуулийн зөрчил гарсан бол шалгаж, тогтоогдсон зөрчилд хариуцлага тооцох ёстой. Шийдвэр гаргах эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрсөн бол түүнийг гишүүдийн хяналт, оролцоонд буцаан оруулах ёстой. Шүүмжлэл хэлсэн гишүүнийг шахах бус, шүүмжлэлийг нь сонсдог нам байх ёстой.


Энэ бүхний цаана нэг том зөрчил бий.

2021 онд О.Цогтгэрэл өөрөө Онц их хурал зарлан хуралдуулж, намын даргаар ёсчлон батлагдаж байсан. Тэр үед Онц их хурал намын дотоод улс төрийн зөрчлийг шийдвэрлэх боломж байсан бол өнөөдөр гишүүдийн шаардлагаар зарлагдаж буй Онц их хурлыг ямар зарчмаар үгүйсгэх гэж байна вэ?
Онц их хурал гэдэг тухайн үеийн даргад ашигтай, өөр үед ашиггүй болдог улс төрийн хэрэгсэл биш. Энэ бол намын дүрэм, гишүүдийн эрх, дотоод ардчиллын хүрээнд үнэлэгдэх асуудал.
Мөн АН бол сөрөг хүчний нам. Сөрөг хүчний үндсэн үүрэг нь эрх баригчдын алдааг шүүмжлэхээс гадна өөрөө ил тод, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх явдал. Удирдлагын түвшинд гарч буй аливаа эргэлзээ, тендер болон ашиг сонирхлын зөрчлийн талаарх асуултад баримттай, нээлттэй хариулах ёстой. Сөрөг хүчний нэр хүнд үгээр бус, өөрийнхөө үйл ажиллагаагаар хэмжигдэнэ.
Гэхдээ энэ удаагийн Онц их хурлыг зөвхөн О.Цогтгэрэл болон түүний багийн эсрэг чиглэсэн үйл явдал болгож ойлгож болохгүй.
Хурлыг зохион байгуулагчдын дэвшүүлж буй эв нэгдлийн уриалгыг би чухал гэж үзэж байна. Учир нь АН-д өнөөдөр даргын суудлаас илүү намынхаа ирээдүй, үнэт зүйл, зарчим чухал.


Гэхдээ эв нэгдэл гэдэг юу вэ?

Эв нэгдэл гэдэг шударга бус явдлыг дуугүй өнгөрөөх биш. Алдаатай шийдвэрийг зөвшөөрөх биш. Хэн нэгний эрх мэдлийг хамгаалахын тулд гишүүдийн эрхийг золиослох бүр ч биш.
Эв нэгдэл гэдэг үзэл бодлын зөрүүгээ хүлээн зөвшөөрч, дүрэм журмаа хүн бүрд тэгш мөрдүүлж, шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, хариуцлагын дор нэгдэхийг хэлнэ.
Өнөөгийн шударга бус тогтолцоог өөрчлөх ёстой. Шаардлагатай бол өнөөгийн удирдлагыг ч солих ёстой. Гэхдээ нэг даргыг нөгөөгөөр солих төдий өөрчлөлт хангалтгүй. Намын дотоод засаглал, шийдвэр гаргах механизм, гишүүдийн эрх, хяналтын тогтолцоог үндсээр нь эрүүлжүүлэх шаардлагатай.
Энэ Онц их хурал дараах асуултад бодит хариулт өгөх ёстой. АН цаашид хэний нам байх вэ? Цөөн хэдэн удирдагчийн нам уу эсвэл олон мянган гишүүнийхээ нам уу? Шийдвэрийг дарга нар гаргадаг хэвээр байх уу эсвэл гишүүдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоонд шилжих үү?
АН бол хэн нэгний хувийн өмч биш. Дарга нар нь намын эзэд биш, гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн төлөөлөгчид юм гэдгээ ухамсарлах ёстой.
Тиймээс энэ хурлын амжилтыг хэн нэгэн дарга суудалдаа үлдсэн эсэх, хэн нэгэн улс төрч ялсан эсэхээр хэмжих учиргүй. Харин намын дотоод ардчилал сэргэж, шударга ёс тогтож, гишүүдийн итгэл эргэн бий болсон эсэхээр хэмжих ёстой.
Шударга ёсгүй эв нэгдэл бол түр зуурын эвлэрэл. Хариуцлагагүй шинэчлэл бол хуучин алдааг шинэ нэрээр давтахын нэр.
Эв нэгдэл шударга ёсноос эхэлнэ. Шинэчлэл хариуцлагаас эхэлнэ. АН-ын ирээдүй гишүүдийнхээ гарт байх ёстой. Ингэж чадвал Онц их хурлын үр дүн гарна.

Нийтлэгч

Нарантөгс

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...