ХУВЬСГАЛЫН ДАРАА ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭН ХУЛГАЙЛСАН БЭ?

Жорж Оруэллийн “Амьтны ферм” бол амьтад хүний дарлалаас ангижирч, өөрсдийн нийгмийг байгуулсан тухай үлгэр биш. Харин эрх чөлөөний төлөө хийсэн хувьсгал хэрхэн шинэ дарангуйллын эхлэл болж, тэгш эрхийн төлөө тэмцсэн олонх эцэстээ шинэ эзнийхээ боол болон хувирдаг тухай улс төрийн ёгт зохиол юм.
Оруэлл 1945 онд хэвлүүлсэн энэхүү бүтээлээрээ Зөвлөлт холбоот улсын Октябрийн хувьсгалын дараах улс төрийн тогтолцоо, Сталины дарангуйлал, коммунист үзэл суртлын нэрээр бий болсон эрх мэдлийн төвлөрлийг шүүмжилсэн байдаг. Гэхдээ “Амьтны ферм”-ийн үнэ цэн зөвхөн тухайн үеийн Зөвлөлтийн түүхийг шүүмжилсэнд оршихгүй. Харин түүнээс хойш зүсээ хувирган яваа хувьсгал, үзэл суртал, төрийн эрх мэдэл, олон нийтийн сэтгэл зүй, хүний эрх чөлөөний талаарх хөндсөн асуудлууд нь цаг хугацаанаас үл хамааран дахин дахин давтагддсаар буй анхааруулсаар байхуйд оршино.
Тиймээс “Долма” театрын найруулагч Т.Цэнд-Аюушийн тайзнаа амилуулсан “Амьтны ферм”-ийг үзэхдээ нэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Амьтад анх эрх чөлөөний төлөө босож тэмцсэн атлаа яагаад эцэстээ өмнөх эзнээсээ ч дор нөхцөлд амьдрах болов?
Энэ асуултын хариулт фермийн гахайнуудын шуналд бус, харин эрх мэдлийг хэнд, ямар хэмжээгээр, ямар хяналттай өгөх ёстойгоо ухамсарлаагүй нийгмийн мөн чанарт бий. Бид ч амьтны фермийн араас бэдэрч явна...
Хувьсгал эрх чөлөөг авчирдаг уу?

“Амьтны ферм”-ийн үйл явдал хөгшин гахай Өвгөн Мажорын амьтдад хандаж хэлсэн үгнээс эхэлнэ. Тэрээр хүний мөлжлөгөөс ангижирч, амьтад өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг өөрсдөө хүртэх ёстойг уриалдаг. Амьтад нэгдэж, хүнийг өөрсдийн дайсан хэмээн тодорхойлж, эрх тэгш нийгэм байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөнө.
Энэ бол хувьсгалын эхлэл. Хувьсгал ялсны дараа эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлнэ. Наполеон, Сноуболл хоёрын зөрчил үүний тод илрэл. Нэг нь эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг зорьж байхад нөгөө нь фермийг хөгжүүлэх төлөвлөгөө, шинэчлэлийн тухай ярьдаг. Гэвч эцэст нь, Наполеон нохдоороо хүч хэрэглүүлэн Сноуболлыг хөөж гаргаад, бүх эрх мэдлийг гартаа авна.
Эндээс Оруэллийн бүтээлийн хамгийн чухал санаа гарч ирдэг. Хувьсгалын зорилго зөв байсан эсэхээс илүүтэй хувьсгалын дараа ямар тогтолцоо бий болсон нь чухал. Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, түүнийг хянах механизм үгүй болсон цагт хувьсгалын анхны зорилго утгаа алддаг.
Өөрөөр хэлбэл, хуучин эзнийг зайлуулсан нь эрх чөлөөг бий болгосон хэрэг биш. Зөвхөн эзэн солигдсон хэрэг болно. Монголчууд ч ардчилсан хувьсгалаар дарга ангийг түлхэн унагааж, өөр нэгэн ангийг дээдлэх болсноор өнөөгийн хямрал бий болсон.
Энэ бол Монголын нийгэмд ч эргэцүүлэх ёстой асуудал. Бид 1990 онд нэг намын үзэл суртал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, улс төрийн монополоос татгалзаж, ардчилал, хувийн өмч, зах зээлийн эдийн засгийг сонгосон. Гэвч улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр төрийн эрх мэдэл автоматаар хязгаарлагдаж, иргэний эрх чөлөө бүрэн баталгаажсан гэсэн үг биш.
Социалист тогтолцооны үед төр өмчийн эзэн, үйлдвэрлэлийн зохион байгуулагч, нийгмийн баялгийн хуваарилагч байлаа. Харин ардчиллын дараа хувийн өмч, зах зээл бий болсон ч төр эдийн засгийн томоохон тоглогч, зохицуулагч, хөрөнгө хуваарилагч хэвээр үлдсэн салбар олон бий.
Өөрөөр хэлбэл, бид фермийн хуучин эзнийг халсан ч фермийн бүх шийдвэрийг эзэн гаргадаг байсан сэтгэлгээнээс бүрэн ангижирч чадсан уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.
Энэ нь Монгол Улсыг Сталины Зөвлөлттэй адилтгах гэсэн хэрэг огт биш. Харин Оруэллийн дүрсэлсэн эрх мэдэл төвлөрөх, иргэдийн сонголтыг хязгаарлах, төрийн оролцоог хэвийн үзэгдэл болгох механизмуудыг өөрийн нийгэмд таньж харах тухай юм.
Тэгш эрхийн нэрээр бий болсон шинэ анги

“Бүх амьтан тэгш эрхтэй” гэх мэт долоон зарчим бол фермийн шинэ нийгмийн үндсэн хууль байв. Гэтэл эрх мэдэл гахайнуудын гарт төвлөрөхийн хэрээр эдгээр зарчим аажмаар өөрчлөгдөнө. Эхлээд гахайнууд сүү, алим хэрэглэж эхэлнэ. Дараа нь байшинд амьдарна. Улмаар хүнтэй худалдаа хийж, хүний хувцас өмсөж, хоёр хөл дээрээ алхах хүртлээ өөрчлөгдөнө. Эцэст нь анхны долоон зарчмын оронд ганцхан өгүүлбэр үлддэг.
“Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтан бусдаасаа илүү тэгш эрхтэй.”
Энэ бол зохиолын хамгийн алдартай өгүүлбэрүүдийн нэг. Оруэлл энд тэгш эрхийн үзэл санааг бус, түүнийг улс төрийн эрх мэдлийн хэрэгсэл болгож ашиглахыг шүүмжилжээ.
Тэгш эрх гэдэг нь хэн нэгнийг бусдаас илүү эрхтэй болгох тухай ойлголт биш. Харин хүн бүрт ижил эрх, ижил хуулийн хамгаалалт үйлчлэх тухай ойлголт юм. Гэтэл фермд гахайнууд өөрсдийгөө бусад амьтдаас илүү эрхтэй байхаар тогтолцоог өөрчилнө. Тэдний давуу эрхийг зөвтгөх гол үндэслэл нь бусдын төлөө илүү ихийг хийж байгаа гэх тайлбар.
Эндээс эрх мэдлийн нэг аюултай шинж илэрнэ. Эрх мэдэл өөртөө давуу эрх олгохдоо хэзээ ч хувийн ашиг сонирхлоор тайлбарладаггүй. Харин нийтийн эрх ашиг, улс орны хөгжил, ард түмний сайн сайхан гэх том үгсийн ард нуугддаг.
Монголд ч нийтийн эрх ашиг гэх ойлголтыг төрийн оролцоог нэмэгдүүлэх олон шийдвэрийн үндэслэл болгох нь бий. Иргэдийн өмнөөс төр шийднэ, төр зохицуулна, төр хуваарилна, төр хамгаална. Гэвч төрийн шийдвэр бүр иргэний эрх чөлөөг нэмэгдүүлдэг үү эсвэл иргэний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг улам тэлдэг үү?
Төр нэгэн зэрэг өмчлөгч, зохицуулагч, хянан шалгагч, зах зээлийн оролцогч байх үед шударга өрсөлдөөн, хариуцлага, өмчийн эрх хэрхэн хамгаалагдах вэ гэдэгт оршино.
Төр өөрөө тоглогч, өөрөө зохицуулагч, өөрөө үнэ тогтоогч, өөрөө мөнгө хэвлэгч, өөрөө шүүгч байх нь фермийн гахайнууд өөрсдөдөө зориулж дүрмээ өөрчилж байгаатай юугаараа ялгаатай вэ?
Хөдөлмөрлөсөн нь биш, эрх мэдэлтэй нь хүртдэг нийгэм

Зохиолын хамгийн эмгэнэлтэй дүр бол Боксер. Тэрээр фермийн хамгийн хүчирхэг, хамгийн хөдөлмөрч морь. Хувьсгалын дараа шинэ нийгмээ байгуулахын төлөө бүхнээ зориулж, хүнд хэцүү үед ч бусад амьтдынхаа төлөө ажиллана. Түүний хоёр гол итгэл үнэмшил нь “Би илүү шаргуу ажиллана”, “Наполеон үргэлж зөв” гэсэн үгс.
Боксер муу амьтан биш. Тэр бусдыг мөлжихийг хүсдэггүй, эрх мэдэлд шунадаггүй, өөрийн хөдөлмөрөөр нийгмээ сайхан болгоно гэж итгэдэг. Гэвч түүний хамгийн том эмгэнэл нь хөдөлмөрч байдалдаа бус, харин өөрийн хөдөлмөрийг хэн ашиглаж, үр шимийг нь хэн хүртэж байгааг асууж чаддаггүйд оршино.
Тэр фермийн төлөө ажилласаар эцэстээ бие нь муудаж, хөдөлмөрлөх чадваргүй болно. Тэгэхэд нь түүнийг амрааж, асарна гэж амласан удирдлага нь нядалгааны газарт худалддаг. Бусдын төлөө амьдралаа зориулсан хөдөлмөрч амьтныг хэрэгцээгүй болсон цагт нь хаяж байгаа нь шинэ нийгмийн жинхэнэ төрх юм.
Энд Оруэлл хөдөлмөрийг бус, хөдөлмөрлөсөн хүний эрхийг хамгаалахгүй тогтолцоог шүүмжилжээ.
Монголын нийгэмд Боксерын дүрийг харах олон өнцөг бий. Өглөө эрт ажилдаа гарч, орой үдэш гэртээ харьдаг жирийн ажилтан, татвараа төлдөг жижиг бизнес эрхлэгч, өрхийнхөө амьдралыг залгуулдаг малчин, өөрийн хөдөлмөрөөр амьдралаа бүтээхийг хичээдэг иргэн гээд тэд фермийн хөдөлмөрч амьтдаас юугаараа ялгаатай вэ?
Тэдний хөдөлмөрийн үр шимийг хэн хүртэж байна вэ? Төрийн бодлого тэдний хөдөлмөрийг дэмжиж байна уу эсвэл татвар, зөвшөөрөл, хяналт, зохицуулалтаар улам их ачаа үүрүүлж байна уу?
Энэ бол төрийг бүхэлд нь үгүйсгэх тухай биш. Харин төрийн үндсэн үүрэг иргэний эрх, өмч, гэрээ, аюулгүй байдлыг хамгаалах уу эсвэл иргэдийн амьдралыг бүхэлд нь захирах уу гэдэг тухай асуудал юм.
Боксерын эмгэнэл нь хөдөлмөрлөхдөө бус, өөрийн хөдөлмөрийн үр шимийг хамгаалах эрхгүй байсанд оршино.
Хөдөлмөрлөсөн нь биш, эрх мэдэлтэй нь илүү ихийг хүртдэг нийгэм бий болвол хөдөлмөрийн үнэ цэн алдагдана. Бусдын өмч, хөдөлмөрийн үр шимийг захиран зарцуулах эрхийг цөөнх гартаа авсан цагт шударга ёсны тухай тунхаглал хоосон үг болон хувирна.
Үгийг захирсан нь үнэнийг захирдаг
Оруэллийн “Амьтны ферм”-д хэл бол зүгээр нэг харилцааны хэрэгсэл биш. Энэ бол эрх мэдлийн хамгийн чухал зэвсэг. Сквиллерийн дүрээр дамжуулан зохиолч суртал ухуулга хэрхэн ажилладгийг харуулдаг. Өчигдөр болсон үйл явдлыг өнөөдөр өөрөөр тайлбарлана. Өмнө нь хэлсэн амлалтаа үгүйсгэнэ. Буруу шийдвэрээ зөвтгөж, амжилтгүй болсон бодлогоо амжилт мэт зарлана. Шударга бус явдлыг халамжаар мартуулна. Харин үүнд эргэлзсэн хэнийг ч хувьсгалын дайсан, фермийн эсрэг этгээд болгон харагдуулна.
Ингэхдээ тэд амьтдын ой санамж, мэдлэггүй байдал, айдсыг ашиглана. Хэн ч болсон явдлыг бүрэн санахгүй. Хэн ч зарчмуудын анхны хувилбарыг яг таг мэдэхгүй. Тиймээс гахайнуудын тайлбар аажмаар бодит үнэнээс илүү хүчтэй болж эхэлдэг.
Монголын өнөөгийн мэдээллийн орчинд энэ санаа онцгой хэрэгжсэн. Хэрэвзээ албан тушаалтныг шүүмжилбэл худалдсан сэтгүүлч, магтвал шударгуу сэтгүүлч болно.
Төрийн байгууллага өөрийгөө магтсан мэдээ цацах, улстөрчид өөрсдийн байр суурийг олон нийтийн санаа бодол мэт ойлгуулах, цахим орчинд шуугиан дэгдээж нэг асуудлыг нөгөөгөөр дарах зэрэг үзэгдлийг бид өдөр бүр хардаг.
Гэхдээ Сквиллерийн худал үг дангаараа фермийг захирч чадахгүй. Түүнийг үнэн мэт хүлээн авч байгаа эсвэл үнэн эсэхийг шалгах сонирхолгүй амьтад хэрэгтэй. Тиймээс суртал ухуулгын хүч зөвхөн худал ярьж байгаа этгээдэд бус, түүнийг шалгах чадваргүй эсвэл шалгах хүсэлгүй нийгэмд оршдог.
Үг өөрчлөгдөхөд үзэл санаа өөрчлөгдөнө. Үзэл санаа өөрчлөгдөхөд хүмүүсийн үйлдэл өөрчлөгдөнө. Тэгээд нэг л өдөр хүмүүс өөрсдийнхөө эсрэг ажиллаж байгаагаа ч анзаарахаа болино.
Олонхын дарангуйлал ба чимээгүй зөвшөөрөл

“Амьтны ферм”-ийн хамгийн сонирхолтой зөрчил нь дарангуйлал цөөнхийн хүчээр тогтож байгаа мэт боловч олонхын оролцоогүйгээр оршин тогтнох боломжгүйд байдаг.
Наполеон нохдын хүчээр эрх мэдлээ тогтооно. Гэвч түүний тогтолцоог өдөр тутам ажиллуулдаг хүмүүс нь бусад амьтад. Тэд хөдөлмөрлөнө, тушаал биелүүлнэ, уриа давтана, зарим нь эргэлзэнэ, зарим нь дуугүй өнгөрнө. Хамгийн гол нь олонх өөрийн эрх ашгийг хамгаалах хамтын чадвараа алддаг.
Энд Бенжамин илжиг, Кловер гүү хоёрын онцгой оройлтой. Бенжамин бусдаас илүү юм ойлгодог боловч удаан хугацаанд юу ч өөрчлөгдөхгүй гэсэн байр суурьтай. Тэрээр олон зүйлийг харж, мэдэж байгаа ч үйлдэл хийхгүй. Харин Кловер болсон явдалд эргэлзэж, анхны хувьсгалын зорилгыг санахыг хичээдэг ч түүний дуу хоолой хангалттай хүчтэй хүрч чаддаггүй.
Энэ хоёр дүрийн ялгаа нь зөвхөн зан чанарын ялгаа биш. Нэг нь мэдлэгтэй ч үл итгэлцэл, идэвхгүй байдалдаа баригдсан бол нөгөө нь шударга ёсыг мэдэрдэг ч түүнийг хамгаалах хүч, боломжгүй байдалд оршино.
Монголд ч бид заримдаа Бенжамины байр сууринд ордоггүй гэж үү? Буруу шийдвэрийг мэднэ, шударга бус байдлыг харна, төрийн мөнгөний үр ашиггүй зарцуулалтыг шүүмжилнэ. Гэвч дараагийн өдөр нь мартана. Дараагийн сонгууль болоход амлалтад автана. Дараа нь дахиад л ижил асуудлаа ярьж сууна.
Нөгөө хэсэг нь хонинууд шиг уриа давтана. Өөрийн намын алдааг зөвтгөж, өрсөлдөгчийн алдааг томруулж, зарчмаас илүү талцлаа хамгаална.
Энэ бол аль нэг намын тухай асуудал биш. Иргэн өөрийн үзэл бодлоо намынхаа байр сууринд даатгах, аливаа шийдвэрийг зарчмаар нь бус хэн гаргаснаар нь зөвтгөх үзэгдлийн тухай билээ.
Дарангуйллын эсрэг тэмцэхэд зөвхөн үнэнийг мэдэх хангалтгүй. Үнэнийг хэлэх, хамгаалах, бусадтай нэгдэх, эрх мэдлийг хянах институц хэрэгтэй.
Эрх чөлөө бол хэн нэгэн улстөрчийн өгөх бэлэг биш. Иргэд өөрсдөө хамгаалж, хязгаарлаж, хяналт тавьж, хариуцлага үүрч байж оршин тогтнодог үнэт зүйл юм.
Тайзны ард байгаа улс төр

“Долма” театрын найруулагч Т.Цэнд-Аюушийн тавилтын нэг онцлог нь эх зохиолын үйл явдлыг шууд хуулбарлахаас илүүтэйгээр жүжиг, үзэгч хоёрын харилцаагаар дамжуулан асуудлыг дахин тавьсанд оршино.
Мета драмын хэлбэрээр жүжигчид өөрсдийн дүрийг ухамсарлаж, үзэгчтэй шууд харилцаж, тайзны үйл явдлыг жүжиг гэдгийг сануулдаг. Ингэснээр үзэгч зөвхөн фермийн амьтдын хувь заяаг ажиглагч биш, харин тэдний үйлдэл, сонголтод өөрийн байр суурийг эргэцүүлэх хүн болж хувирна.
Бенжамин илжиг жүжгийг түр завсарлуулах тухай хөндөхөд үйл явдал үргэлжилдэг шийдэл нь үүний нэг жишээ. Дарангуйлал тайзны хөшиг бууснаар дуусахгүй. Жүжиг дууссан ч түүний хөндсөн асуудал үзэгчтэй хамт театрын хаалгаар гарна.
Мөн хонинуудын дүрийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өнөөгийн цахим орчны сэтгэл зүйтэй холбосон нь зохиолын суртал ухуулгын сэдвийг орчин үеийн хэлээр тайлбарлах боломж болжээ. Гэхдээ энэ холбоосыг зөвхөн цахим орчны шуугианаар хязгаарлаж болохгүй. Оруэллийн хөндсөн асуудал үүнээс хавьгүй гүн. Энэ бол хүн өөрийн бие даасан бодлоо бусдын давтсан үгээр орлуулах үзэгдэл юм.
М.Төгөлдөрийн бүтээсэн Сквиллерийн дүр энэ тал дээр онцгой анхаарал татна. Түүний зальжин яриа, хөдөлгөөн, бусдын хандлагад үзүүлж буй хариу үйлдэл нь эрх мэдэл өөрийгөө хэрхэн зөвтгөдөг механизмыг илэрхийлжээ. Сквиллер бол зүгээр нэг худалч амьтан биш. Тэр бол үнэнийг өөрчлөх замаар эрх мэдлийг хамгаалдаг тогтолцооны төлөөлөл.
Гэхдээ жүжгийн гол санааг зөвхөн гахайнуудын буруу үйлдэлд төвлөрүүлж ойлгож болохгүй. Оруэллийн бүтээлийн гол зөрчил нь дарангуйлагч ба дарангуйлагдагчдын хооронд төдийгүй эрх чөлөөг хүсэх ба түүнийг хамгаалах чадваргүй байх хоёрын хооронд өрнөдөг.
Тиймээс жүжгийн хамгийн чухал асуулт нь “Та фермийнхээ аль талд байна вэ?” гэхээс илүү “Та өөрийн эрх чөлөөг хамгаалахын тулд юу хийж байна вэ?” гэсэн асуулт байж болох юм.
Фермийн хаалга хаана нээгддэг вэ?

Оруэллийн зохиолын төгсгөлд гахайнууд хүнтэй адил болж хувирна. Хоёр хөл дээрээ алхаж, хүний хувцас өмсөж, хөзөр тоглож, архи ууж, бусад фермерүүдтэй найрлана. Гаднаас нь харахад хувьсгалын өмнөх ба дараах хоёр нийгэм хоорондоо ялгаагүй болжээ.
Амьтад цонхоор харахад гахай, хүн хоёрын царайг ялгаж чадахаа болино.
Энэ бол Оруэллийн хамгийн хүчтэй төгсгөл. Учир нь хувьсгалын эхэнд амьтад хүнтэй адил болохгүйн тулд тэмцэж байсан. Харин эцэст нь тэд өөрсдөө хүн шиг болж, хүний хуучин дарангуйллыг шинэ нэрээр үргэлжлүүлнэ.
Эндээс нэг чухал санаа гарна. Тогтолцоог өөрчлөх нь хүмүүсийг өөрчилдөггүй. Эрх мэдлийг хязгаарлахгүй бол шинэ удирдагч хуучин удирдагчаасаа ялгаагүй болж хувирна. Хүний эрх чөлөөг хамгаалахгүйгээр тэгш эрхийг тунхаглах нь эрх мэдэлтнүүдийн хоорондох давуу эрхийн төлөөх тэмцлийг л шинэ хэлбэрээр үргэлжлүүлнэ.
Монголчууд бид ч бас нэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Бид ардчиллыг сонгосон уу эсвэл зөвхөн эрх мэдлийг хуваарилах аргыг өөрчилсөн үү? Төрийн эрх мэдлийг хязгаарлахын оронд түүнийг хэн атгах тухай л маргалдсаар байгаа юм биш биз? Иргэний эрх чөлөө, хувийн өмч, хууль дээдлэх ёс, чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах зарчмыг улс төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж чадаж байна уу?
Ардчилал гэдэг дөрвөн жил тутам сонгууль явуулахын нэр биш. Олонх цөөнхийн эрхийг хүндэтгэх, төрийн хийж болохгүй ажлыг хуулиар хязгаарлах, иргэн өмчөө эзэмших, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх мэдэлтэн хариуцлага хүлээх тогтолцооны нэр юм.
Тиймээс “Амьтны ферм” бол коммунизмын тухай төдийхөн бус, харин хүний эрх чөлөөг эрх мэдлийн өмнө золиослох үзэгдлийн тухай зохиол юм. Төрийн нэр, үзэл суртлын нэр, хувьсгалын уриа өөрчлөгдөж болох ч эрх мэдлийг хязгаарлахгүй бол дарангуйллын мөн чанар өөрчлөгдөхгүй.
Фермийн амьтад анх эрх чөлөөгөө олж авахын тулд босож тэмцсэн. Харин эцэст нь эрх чөлөөнийхөө төлөө дахин тэмцэх шаардлагатай болсныг ч ойлгохоо больжээ.
Магадгүй энэ л “Амьтны ферм”-ийн хамгийн эмгэнэлтэй үнэн байх. Эрх чөлөөгөө алдсан хүн үргэлж гинжлүүлдэггүй. Заримдаа тэр өөрийгөө эрх чөлөөтэй хэвээрээ гэж бодож, өөрийнхөө гинжийг хүртэл хамгаалж байдаг.
Тиймээс театрын хаалга нээгдэж, үзэгчид фермээс гарах мөчид жүжиг дуусахгүй. Харин жинхэнэ асуулт эхэлнэ. Бидний амьдарч буй нийгэмд хэн дүрмийг бичиж байна вэ? Хэн түүнийг өөрчилж байна вэ? Хэн хөдөлмөрлөж, хэн үр шимийг нь хүртэж байна вэ? Бас хамгийн чухал нь бид өөрсдийн эрх чөлөөг хэнд даатгачихсан юм бэ?
Фермийн хаалганы цаана амьтад үлдээгүй. Тэдний түүхийг бүтээсэн хүмүүс л үлдсэн.
Эрх чөлөө гэдэг дарангуйлагчгүй байхын төдий бус, хэн ч бусдын эрхийг дураараа захирах боломжгүй байхыг хэлнэ.
Хамгийн хоржоонтой нь эл жүжиг "гахай" болоод байгаа эрх баригч намынхнын ордонд үзэгчдийн хүртээл болж байна.
Л.Нарантөгс
12-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






